Хотын дарга туслахынхаа хамт машиндаа буудуулж амиа алдсан байсныг цагдаа нар илрүүлжээ
Өмнөд Америкийн Эквадор улс 2024 оны нэгдүгээр сараас улс орон даяар эрх мэдлээ өргөжүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн эсрэг дайн зарласан. Улмаар тус улсад гурав дахь сардаа онц байдал зарласан хэвээр байна.
Мансууруулах бодис наймаалагчдын хүчирхийлэл хэрээс хэтэрсэн хотуудын нэг Сан Висенте хотын дарга туслахынхаа хамт машиндаа буудуулж амиа алдсан байсныг цагдаа нар илрүүлжээ. Сан Висенте хотын дарга эмэгтэй Брижит Гарсиа хотын харилцааны дарга Жайр Лоорын хамт машиндаа буудуулж амиа алдсан байна. Цагдаа нар гэмт этгээдүүд хотын дарга болон түүний туслахыг машины гаднаас бус дотроос нь буудсан ул мөрийг олдсоныг мэдээлжээ.
Брижит Гарсиа нь 15 настайгаа улс төрийн арга хэмжээнд оролцож өнгөрсөн оны аравдугаар сард Сан Висенте хотын даргаар сонгогджээ. Хотын даргад өрсөлдсөн 10 орчим нэр дэвшигчээс хамгийн өндөр буюу 37 хувийн саналаар ялсан байна. 27 настай тэрээр Эквадор улсын хамгийн залуу хотын дарга байжээ.
Эквадорын хамгийн том гэмт бүлэглэл болох Лос Чонеросын удирдагч Адолфо Фито Макиас нэгдүгээр сард шоронгоос оргосны дараа тус улсын Ерөнхийлөгч Даниель Нобоа улс даяар онц байдал зарлаж гэмт бүлэглэлүүдтэй дайн зарласан юм.