Орос, Украин хоёр Арабын Нэгдсэн Эмирт Улсын зуучлалаар олзны цэргүүдийг солилцжээ
Орос, Украин улсууд өнгөрсөн бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар олзны цэргүүдийг солилцжээ. Хоёр тал тус бүр 103 цэргийг сулласан байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, энэ удаагийн солилцоогоор өнгөрсөн сарын 6-нд Украины цэргүүд Курск муж руу давших үеэр олзлогдсон цэргүүд суллагдсан байна. Суллагдсан цэргүүд одоо Беларусьт байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж тус яам мэдээлжээ. Олзны цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баталжээ. Тэрбээр Telegram хуудсандаа "Украиын 21 офицер, 82 жагсаалын цэрэг, түрүүч Оросын олзноос суллагджээ. Суллагдсан цэргүүдийн дунд Мариуполь болон Азовсталь, Киев, Донецк, Луганск, Запорожье, Харьков мужуудыг хамгаалах тулалдаанд оролцсон хүмүүс бий" хэмээн бичсэн байна.
Хоёр улс мөн есдүгээр сарын 13-нд "49-ыг 49-өөр" хэлбэрээр солилцоо хийжээ. Энэ солилцоогоор Курск мужид олзлогдсон Оросын хугацаат цэргийн алба хаагчид, Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Үндэсний цагдаа, Хилийн хамгаалалтын албаны цэргүүд, мөн Оросын цэргүүдэд хулгайлагдсан энгийн иргэд суллагджээ. Солилцсон хүмүүсийн дунд мөн "Азов" бригадын цэргүүд байсан байна.
Тус хоёр улс өнгөрсөн наймдугаар сарын 24-нд тус тусын 115 олзны цэргийг солилцсон юм.