Газад дөрвөн өдөр гал зогсоож, барьцааны 50 хүнийг суллахаар тохирчээ
Израил, ХАМАС-ын сөргөлдөгч талууд Газын зурваст дөрөв хоног гал зогсоож, барьцаалагдсан 50 хүнийг суллахаар тохиролцов. Өдөрт 12-13 хүнийг барьцаанаас суллаж, Израилийн талд хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Үүний хариуд Израил Палестины 150 хоригдлыг суллахаар болжээ.
Израилийн засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар барьцааны 10 хүн тутамд тулааны түр зогсолт нэг өдөр үргэлжлэх аж. Гэхдээ барьцаалагдсан бүх хүнийг буцааж авчрахын тулд дайнаа үргэлжлүүлж, ХАМАС-ыг бүрэн устгах зорилтоосоо ухрахгүй гэжээ.
ХАМАС-ын хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний улмаас 14,128 палестин, Израилийн 1,200 гаруй хүн амиа алдаад байна.