Д.Трампыг 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал гэж хэллээ. “Сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал одоо манай улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй эхэллээ. Энэ нь Жорж Соросын дэмжлэгтэйгээр прокурор Элвин Брэггээс эхэлж байна" гэж тэрбээр мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мэдэгдэл хийхдээ хэлсэн байна. "Хачирхалтай нь, одоо бид бүтэлгүйтсэн улс болоод байна. Бид уналтын байдалд байна. Одоо эдгээр радикал зүүний хийрхэгчид манай хууль сахиулах байгууллагуудыг ашиглан сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хүсэж байна. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Хайрт эх орныг минь хар үүл бүрхсэн хэдий ч, энэ бүхнийг үл харгалзан бид Америкийг дахин агуу болгоно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йорк дахь Манхэттены эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг санхүүгийн залилангийн хэрэгт буруутгажээ. Түүнийг 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр бусад гэмт хэргийг нуун далдлах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж прокурорын газар үзэж байгаа аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асныг нийт 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.