Дотуур байранд гал гарсны улмаас 13 хүүхэд амиа алдав
Хятадын Хэнань мужийн Яньшаньпу тосгоны бага сургуулийн дотуур байранд гал түймэр гарсны улмаас өчигдөр 13 хүүхэд амиа алджээ. Амиа алдсан хүүхдүүд нь 9-10 насны гуравдугаар ангийн сурагчид байсан байна. Гал сөнөөгчид Баасан гарагийн шөнө гарсан галыг Бямба гарагийн үүрээр унтраажээ. Орон нутгийн эрх баригчид сургуулийн захирлыг саатуулж, гал түймрийн шалтгааныг мөрдөж тогтоох ажлыг эхлүүлсэн байна.
Яньшаньпу нь 10 сая оршин суугчтай Наньян хотын захад оршдог тосгон юм. Гал түймэрт өртсөн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хоёр долоо хоног тутам нэг удаа гэрт нь хариулдаг байжээ. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд хариулах ээлжгүй байсан байна. Уг сургуульд хөдөө орон нутгийн хүүхдүүд голчлон сурдаг байжээ. Хятадын сошиал ертөнцийн хэрэглэгчдийн дунд өчигдөр барилга байгууламжийн аюулгүй байдлын стандартыг чангатгах хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг, шүүмж голлох сэдэв болж байв. Арваннэгдүгээр сард хойд Хятадын Шаньси мужийн нэг нүүрсний компанийн байранд гал гарсны улмаас 26 хүн амиа алдаж, олон арван хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ. Өнгөрсөн оны долдугаар сард зүүн хойд Хятадын нэг сургуулийн спорт танхимын тааз нурсны улмаас 11 хүн амиа алдсан юм.
Дөрөвдүгээр сард Бээжин хотын нэг эмнэлэгт гал гарах үеэр 29 хүн амиа алдаж, олон хүн цонхоор үсэрсний улмаас бэртэж байв.
Арваннэгдүгээр сард нүүрсний компанийн байранд гарсан гал түймрийн дараа Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын голлох салбаруудын барилга байгууламжийн эрсдэлийг үнэлэх, чанарыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахыг уриалж байв.