Дайн эхэлснээс хойш анх удаа хүмүүсийг Газын зурвасаас гаргаж эхэллээ
Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш анх удаа өчигдөр Газын зурвасаас цөөн тооны хүмүүсийг хилээр гаргасан байна. Катар улсын зуучилснаар гадаадын иргэд болон хүнд шархтай хүмүүсийг Египетийн Рафах боомтоор гаргажээ. Египетийн тал 400 орчим гадаадын иргэн, 90 орчим хүнд шархтан болон хүнд өвчтөнийг Газын зурвасаас хүлээж авах бэлтгэл хангаснаа мэдээлжээ.
Палестины газар нутаг Газын зурвасыг Израилийн арми аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш бүсэлж, хил хязгаарыг нь битүүмжилсэн байна. 2.4 сая хүн амьдардаг энэ бүс нутагт нэвтрэх болон гарах цорын ганц зам нь одоо Египетийн Рафах боомт болжээ.Дайн эхэлснээс хойш Израилийн бөмбөгдөлтөд амь үрэгдсэн хүний тоо 8,796 хүрсний 3,648 нь хүүхэд байгааг Газын зурвас дахь Хамасын засах захиргаа мэдэгдэв. Израилийн арми олон өдрийн турш агаараас бөмбөгдсөний дараа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Газын зурваст явган цэргийн хүч оруулж, хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлсэн. Мягмар гарагт болсон ширүүн тулалдааны үеэр 11 цэрэг нь амь үрэгдсэнийг Израилийн зэвсэгт хүчин мэдээлсэн байна. Ингэснээр дайн эхэлснээс хойш Израилийн армийн хүн хүчний хохирол 326 болж нэмэгджээ. Хамасын зэвсэгт хүчний жигүүр болох Эззедин аль-Кассам бригад Газын зурвасыг гаднын эзлэн түрэмгийлэгчдийн оршуулгын газар болгон хувиргахаа өчигдөр амласан байна. Нөхцөл байдал хүндрэхийн хэрээр Хамас-Израилийн дайн бүс нутгийн хэмжээний мөргөлдөөн болж хүрээгээ тэлэх эрсдэл нэмэгдэж байна.
Одоогоор Израиль улсын газар нутаг руу Ливан болон Йемений зэвсэгт бүлэглэлүүд өдөр бүр агаарын довтолгоо явуулж байна.