Б.Шаравын нэрэмжит уралдааны гранпри шагналтан 15 мянган доллар хүртэнэ
Монгол Улсын Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.
Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын 143-р тогтоол гарснаар 4 жил тутам зохион байгуулахаар тогтсон.
Энэ уралдаан нь сонгодог болон үндэсний хөгжмийн урлагийг дэмжин тэтгэх, олон улсад сурталчлах, мэргэжлийн дуучид, хөгжимчдийг олон улсын уралдаан тэмцээнд чадал чансаагаа сорих боломж олгох зорилгоор зохион байгуулж ирсэн олон улсын хэмжээний уламжлалт уралдаан юм.
Уралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Үндэсний хөгжмийн хөгжимчдийн уралдааныг дараах хөгжмийн төрлүүдээр зохион явуулна. Үүнд, морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ, эвэр бүрээ, их хуур, бишгүүр гэх мэт.
Мэргэжлийн дуучдын уралдааныг сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар явуулна.
Уралдааны удирдамжийн шаардлагыг хангасан аль ч улс орны 35 хүртэлх насны мэргэжлийн дуучид /1988 оны 11-р сарын 1 нээс хойш төрсөн/, 35 хүртэлх насны хөгжимчид /1988 оны 11-р сарын 1-нээс хойш төрсөн /оролцож болно.
Гранпри хүртсэн уран бүтээлч 15 мянган ам доллар гардана.
Мэргэжлийн дуучид:
Нэгдүгээр байр 10 000 ам доллар
Хоёрдугаар байр 8 000 ам доллар
Гуравдугаар байр 5000 ам доллар
Тусгай байр 500 ам доллар
Үндэсний хөгжмийн хөгжимчид:
Нэгдүгээр байр 10 000 ам доллар
Хоёрдугаар байр 8 000 ам доллар
Гуравдугаар байр 5000 ам доллар
Тусгай байр 500 ам доллар
Шилдэг концертмейстер: 500 ам доллар