Автобус осолдож, 20 гаруй хүн амиа алдаж, 12 хүн гэмтжээ
Венец хотын гүүрнээс автобус унасны улмаас 21 хүн амиа алдаж, 12 хүн бэртэж гэмтжээ. Энэ талаарх мэдээллийг Италийн АНСА мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Венецийн төв хэсэгтэй автомашин болон төмөр замын гүүрээр холбогддог Местра дүүрэгт зорчигч тээвэрлэн явж байсан автобус хашлага мөргөн, 10 метрийн өндрөөс төмөр зам руу унасан байна.
"Ослын улмаас 19 хүн газар дээрээ, хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан. Гэмтсэн зорчигчдын биеийн байдал харьцангуй хөнгөн бол зарим нь хүнд байна" хэмээн Венецийн хотын дарга мэдэгджээ. Түүний өгүүлснээр амиа алдсан хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаа аж.
Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, автобус хашлага мөргөсний дараа доош унахдаа цахилгаан шугамын сүлжээнд тээглэж, улмаар шатсан байна. Тухайн үед автобусанд Украины гурван иргэн, Хорват, Герман, Францын тус бүр нэг иргэн байсан, тэд гэмтэл бэртэл авчээ.
Осол орон нутгийн цагаар мягмар гарагийн 19:45 цагт болсон байна. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй байна.