А бүсэд автомашины зогсоолын төлбөр 1 цаг нь 5000 төгрөг бол Б бүсэд 1 цаг нь 4000 төгрөг байх саналыг хүргүүлжээ
Улаанбаатар хотын А бүсэд автомашины зогсоолын төлбөр 1 цаг нь 5000 төгрөг бол Б бүсэд 1 цаг нь 4000 төгрөг байхаар төлөвлөж байна. Төлбөрийн хэмжээг мэргэжилтнүүдийн гаргасан судалгааг үндэслэн гаргасан хэмээн Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн юм.
Тиймээс Улаанбаатар хот дахь бүх авто зогсоолын төлбөрийг өндөр үнэтэй болгох зөвлөмжийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.
Сайд Б.Дэлгэрсайханы хэлж буйгаар “Зогсоолыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Бүх зогсоолыг ТББ, нөхөрлөлд өгөхөөр төлөвлөөд байгаа. Нийт зогсоолын зардлын 50-60 хувь нь зогсоолыг ажиллуулж байгаа хүмүүсийн цалинд зарцуулагдана. Үлдсэн мөнгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Төвлөрсөн мөнгийг авто зогсоол тохижуулах, камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол хийхэд зарцуулна” гэлээ.