АНУ-д хураагдсан соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэж эхэлжээ

2-р сарын 4, 2024 - 12:28
11 сарын өмнө
 0  19
АНУ-д хураагдсан соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэж эхэлжээ

АНУ-ын Засгийн газар манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна.

Эдгээр олдворуудын дунд АНУ-ын жүжигчин Николас Кейжийн дуудлага худалдаанаас авч, хожим хүлээлгэн өгсөн  “Tyrannosaurus Bataar” болон "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс зэрэг онцлох олдворууд багтаж байна. "Alioramus" үлэг гүрвэлийн яс нь зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Конгрессын номын санд болж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон Конгрессын номын сангийн дэд захирал Ханна Сомерс тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцсон. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм. Олдворыг монголоос гаралтай болох нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол Монгол Улсад хүлээлгэн өгөх эрх зүйн үндэслэл бүрддэг бөгөөд 2012, 2014, 2016, 2019 онуудад үлэг гүрвэлийн олдворуудыг тус тус хүлээн авч байсан.

Эдгээрээс олон нийтэд танигдсан хамгийн тод жишээ нь 2012-2013 онд буцаан авч байсан “Тарбозавр Батаар”-ын олдвор юм.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow