Нийслэлд камерын удирдлагын нэгдсэн төв байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын камержуулалт, камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Сингапурын “ST Engineering” компани нь агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани дэлхий даяар 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Манай улсад 2000-аад оноос камержуулалтын ажил эхэлсэн ч одоогийн байдлаар нийслэлд байгаа камеруудын 50 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, хоорондоо уялдаагүйгээр ажиллаж байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд камержуулалтыг иж бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх камерын ажиллагааг холбосон Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах шаардлагатай байгаа юм. Ингэхдээ нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хувийн хэвшлийн камерыг ч мөн холбоно. Энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.