Навальныйг хордуулсан нотлох баримт илэрчээ
Алексей Навальный нь ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч төдийгүй Ерөнхийлөгч Владимир Путин, Кремлийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэдэг тэмцэгч байсан билээ. Тэрээр 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Оросын Хойд туйлын тойрог хорих газарт 47 насандаа гэнэт нас барсан юм.
Түүний үхэлд Оросын Ерөнхийлөгч Путин төдийгүй эрх баригчид ямар нэгэн байдлаар холбоотой гэж гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, дэмжигчид нь хардаж сэрсээр ирсэн юм.
Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нөхрийг нь хордуулсан нотлох баримтын тухай бичлэг хийж мэдэгдлээ. Юлия Навальнаягийн хэлж байгаагаар Алексейг хорих газарт нас барсны дараа цогцосноос нууцаар биологийн дээж авч чадсан байна. Биологийн дээжийг нууцаар хил давуулж, гадны хоёр лабораторид өгч шинжлүүлжээ.
Лабораториудын шинжилгээний дүн эцэслэн гарсан байна. Энэ дүнгээр Алексейг хордуулсан болохыг тогтоосон гэжээ. Тиймээс Алексей гэнэтийн үхлийн синдромоор нас бараагүй. Түүнийг санаатайгаар хордуулж, амь насыг нь хороосон гэж Юлия Навальная мэдэгдлээ.

