Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, энэ сарын 24-нөөс жагсаал хийхээ мэдэгдлээ
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, энэ сарын 24-нөөс жагсаал хийж, орон даяар тэмцэхээ мэдэгдлээ.
Энэ үеэр зарим багш нар "Сард 1.3 сая төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Залуу багш нар маш олноороо ажлаасаа гарч байна. Цалин бага гэсэн ганцхан шалтгаанаа ажлаа өгч байгаа" гэлээ.
Мөн Монголын боловсрол шинжлэх ухааны үйлвэрчний эвлэлийн олбооны дарга З.Цогтгэрэл "Монголын багш нар ачаалал өндөр, цалин хөлс бага нөхцөлд ажиллаж байна. Цалин багатай холбоотойгоор маш олон багш ажлаа орхиж, 2024-2025 оны хичээлийн жилд 4,200, 2025-2026 оны хичээлийн жилд 3,800 багшийн дутагдалтайгаар ажиллаж байгаа. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, боловсролыг тэргүүлэх салбар болгох зэрэг нь байнга зөрчигдсөөр өнөөдрийг хүрч байна" гэв.

