Япон улс бохирдсон усыг далайд асгаж эхэлсний хариуд Хятад улс импортын хориг арга хэмжээ авлаа
Пүрэв гарагт Япон улс Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын үеэр реакторын хөргөлтөд ашигласан усыг Номхон далайд асгаж эхэлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор тус улсын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний ихэнх хэсгийг худалдаж авдаг Хятад улс импортын хориг арга хэмжээг зарлажээ.
Японы тал усыг ариутгасан тул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлаж байгаа. НҮБ-ын харьяа Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг үүнийг нь бас баталсан юм.
Гэхдээ Хятад улсын эрх баригчид үүнд итгэхгүй байгаа.
Усан дахь цацраг идэвхт бодисын бохирдлын хэмжээг илүү нарийн шалгах шаардлагатай гэж тус улс үздэг юм.
2011 оны ослоос хойш реакторуудын хөргөлтөд ашигласан нэг сая гаруй тонн ус нөөцийн саванд хадгалагдаж байдаг.
Энэ усыг ариутган цэвэршүүлсний дараа Номхон далайд асгах үйл ажиллагаа ирэх 30 жилийн турш үргэлжлэх юм.
Токиогийн эрх баригчдын энэ төлөвлөгөөг хамгийн хүчтэй эсэргүүцэгч нь Хятад улс.
Усыг далайд асгаж эхэлсний дараа Бээжингийн эрх баригчид Япон улсын далайн бүтээгдэхүүний бүх импортод хориг тавьжээ.
Өмнө нь Фүкүшима тэргүүтэй цөөн мужид энэ хориг үйлчилдэг байсан бол одоо бүх Японд үйлчлэхээр болж байна.
Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж хориг арга хэмжээнийхээ зорилгыг тайлбарлажээ.
Уг хориг нь Японы талд эдийн засгийн томоохон хохирол учруулахаар байгаа. Эх газрын Хятад болон Хонконг нийлээд жил бүр Японоос $1.1 тэрбумын далайн хүнс авдаг нь энэ төрлийн бүтээгдэхүүний нийт экспортын бараг тал нь юм.
Гэхдээ ажиглагчид Хятадын хориг арга хэмжээнд улс төрийн бодлого давхар нөлөөлсөн гэж үзэж байна.
Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудсан. Үүнд газар нутгийн маргаан, Тайванийг тойрсон асуудал, Япон улс АНУ-тай батлан хамгаалах салбарт улам ойр түншлэх болсон зэрэг нь нөлөөлж байгаа.
Япон улсын төлөвлөгөөг хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсан Өмнөд Солонгосын эрх баригчид харин энэ удаа харьцангуй тайван хүлээж авсан байна. Япон улс шинжлэх ухааны стандартыг хатуу мөрдөж, нээлттэй, ил тод ажиллах нь хамгийн чухал болохыг тус улсын ерөнхий сайд Хан Дук Со өчигдөр мэдэгдсэн юм.
Далайд бохирдсон ус асгахыг эсэргүүцсэн бүлэг хүмүүс өчигдөр Сөүл хот дахь Япон улсын элчин сайдын яамны байранд нэвтрэхийг оролджээ. Ижил төстэй эсэргүүцлийн арга хэмжээнүүд Токио, Хонконг хотуудад бас зохион байгуулагджээ.