Шүүх арван сартай нярайн аминд хүрсэн 61 настай эрийн 14 жил хоригдох ялыг хэвээр нь баталж, 250.8 сая төгрөгийг гаргуулахаар болжээ

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.П…гийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 03-05 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сар 28 хоногтой У.Х…г “…уйллаа…” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У болон У.Е тус бүрт сэтгэцэд учирсан хохирлыг 250,800,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Л.П…ээс гаргуулахаар шийдвэрлэжээ.






