Б.Чойжилсүрэн: Өвөлдөө -35 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орно

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд баруун, төв, өмнөд болон Дорнод бүс, Алтай, Улиастай гэсэн таван эрчим хүчний систем тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа.
Нийт 330 гаруй сум сууринг холбосон, төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, үйлдвэрлэлийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Статистикийн тоон мэдээллээр 2025 онд Монгол Улс 997.023 айл өрхтэй байгаа бөгөөд эдгээр айл өрхийн 81.1 хувь нь цахилгааны гэрээ байгуулан эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж байна. Эрчим хүчний оргил ачаалал өвлийн улирал тохиодог. Өнгөрсөн 2024 оны хувьд хамгийн их ачаалал 1655 МВт хүрсэн нь өмнөх оныхоос 19 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд оргил ачаалал дунджаар 11 хувийн өсөллтэй явж байна.Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн том хүчин чадлын эх үүсвэрийн төслүүд хугацаандаа ашиглалтад ороогүйгээс хэрэглээний өсөлтийг бүрэн хангахад хүндрэл үүсч байгааг нуухгүй хэлье. Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулсан. Эрчим хүчний чадлын дутагдал өвлийн саруудад гарч байгаа. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээний өсөлт 6-7 хувь байгаа бол оргил ачааллын үед 11 хувь давж байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд суурилагдсан хүчин чадал хэрэглээнээс даруй 20 хувийн илүү нөөцтэй байх учиртай. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь аюулгүйн нөөц байтугай бүх хүчин чадлаар ажиллаад ч импортын эрчим хүчээр 24.6 хувиар хангаж байна. Цаашид том чадлын шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа 2025-2027 оны өвлийн их ачаалалд эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг хангаж чадахгүй тул тодорхой хэмжээний хязгаарлалт үүсч болзошгүй.
Гэхдээ энэ асуудлыг шийдээд явж байгаа. Эрчим хүчний оргил ачааллын хэрэглээ өсөхгүй өнгөрсөн оны мөн үеийнхтэй адил байвал хязгаарлалт хийхгүй өвөлжих боломжтой. Хамгийн их эрчим хүчний хэрэглээ Улаанбаатарт бий. Хотын дулаан хангамжийн хувьд хүндрэтэй буюу өвөлдөө -35 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй хэмээсэн юм.






