С.Жамбалжамц 358.3 оноогоор Ази тивийн чансааны хоёрт жагсаж байна

Испанийн домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran Premio Miguel Indurain” нэг өдрийн классик уралдаан Испанид боллоо. Европын шилдэг багуудын 132 тамирчин Эстелла-Лизарра хооронд 203.9 км замд өрсөлдсөн уг тэмцээнд Парисын олимпод уралдсан С.Жамбалжамц дундын бариануудад тэргүүлэн шилдэг спринтерээр тодорчээ.
Тодруулбал, Пуэнте ла Рейна (27.7 км) дундын барианд 2, Виллатуэрта (45 км)-д хоёр, Легариа (73.7 км)-д нэг, Альто де Ераул (103.6 км)-д хоёр, хоёрдугаар финиш (113.9 км)-т нэг, Альто де Гуигуильяно (138.6 км)-д долоодугаарт бариалан оноо цуглуулсан байна. Харин Альто де Гуигуильяно руу өгсөх үедээ үлдэж, улмаар 114 дүгээр байрт орсон байна.
Испанийн “Burgos Burpellet BH” баг, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис 2024” зуны олимпын наадамд уралдсан олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамцын энэ удаагийн уралдааны мэдээллийг “Burgos Burpellet BH” баг нь албан ёсны цахим хуудастаа онцолжээ.
С.Жамбалжамц “Уралдаанд төлөвлөгөөний дагуу уралдаж, тасралтад гарч чадсан ч саяхан ханиад хүрч, халуурч байгаад эдгэсэн тул биеийн байдал сайнгүй, тэнхэрч амжаагүй байсан. Гэхдээ ийм чухал уралдаанд хичээж уралдаад шагналын тавцанд гарсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Алдарт “Тур де Франс”-ын тав, “Жиро Д Итали”-гийн хоёр, Парис-Ницца уралдааны хоёр удаагийн аварга, “Атланта 1996” Олимп, “Дуиттама 1995” ДАШТ-ий ганцаарчилсан гарааны алтан медальт, Испанийн домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran Premio Miguel Indurain” нэг өдрийн классик уралдаанд дэлхийн шилдэг дугуйчид уралдсанаараа онцлог болсон байна.
С.Жамбалжамц 358.3 оноогоор Ази тивийн чансааны хоёр, Олон улсын дугуйн холбооны чансааны 3397 дугуйчнаас 255 дугаар байрт жагсаж байна.






