Толбогүй анааш төрсөн ховор тохиолдол дахин бүртгэгдлээ
АНУ-ын Теннеси мужийн нэг хувийн амьтны хүрээлэнд долдугаар сарын 31-ний өдөр толбогүй анааш мэндэлсэн нь шинжлэх ухаанд бүртгэгдсэн ховор тохиолдол болов. Өмнө нь ийм толбогүй анааш мэндэлсэн гуравхан тохиолдол бүртгэгдэж байсны сүүлийнх нь 1972 онд Токиогийн амьтны хүрээлэнд мэндэлсэн байдаг юм байна. Толбо нь анаашийг зэрлэг байгальд биеэ нуун далдлахад чухал үүрэгтэй байдаг. Лаймстоун хотын Брайт амьтны хүрээлэн саяхан Фэйсбүүк хуудсандаа бяцхан анаашинд өгөх нэрийг шалгаруулах уралдаан, бас уг амьтныг хамгаалах санд хандив өргөх аяныг зарлажээ.
“Бид хүрээлэндээ мэндэлсэн амьтдын үр төлийн талаар төдийлөн мэдээлдэггүй ч энэ ховор тохиолдлыг ашиглан анааш хэмээх энэ амьтныг хамгаалах үйлсэд хүмүүсийн анхаарлыг хандуулахаар шийдлээ. Дэлхий даяар анаашийн тоо толгой сүүлийн 30-35 жилийн дотор 30 орчим хувиар хорогдсон гэж бид үздэг. Гэхдээ хамгаалах үйлс энэ байдлыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Хойч үеийнхэндээ энэ гайхалтай амьтныг харуулахыг бид хүсэж байна” гэж хүрээлэнгийн эзэн Дэвид Брайт мэдэгдэлдээ бичсэн байна.
Анааш Хамгаалах Сангийн мэдээлснээр 1980-аад оны үед Африк тивд 155,000 анааш тоологдож байсан бол өнөөдөр энэ тоо 117,000 хүрчээ.
Толбогүй төрсөн анаашийн үр төлд өгөх нэрийн сонголтыг есдүгээр сарын 4-ний өдөр зарлана.