АНУ-ын сүрдүүлгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп хариу татвараа цуцлахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 50 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн тухай мэдээлсэн. Хятадын Гадаад худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд АНУ-ын сүрдүүлгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эцсээ хүртэл тэмцэхээ амлажээ.
БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам өнөөдөр мэдэгдэл хийж, Хятадыг шахах, заналхийлэх нь харилцах зөв арга биш гэв. Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю CNN телевизэд ярилцлага өгөхдөө “Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаална” гэж тус улсын өмнөх байр суурийг дахин нотолсон байна. Хэвлэлийн төлөөлөгч Трампын засаг захиргааны нэмэлт татварын бодлого нь бусад улс орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, олон улсын дүрмээс давсан эдийн засгийн дээрэлхэлт гэж мэдэгдлээ.






