67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна гэж СЕХ мэдээллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон талаар СЕХ мэдээллээ.
Уг нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр юм байна. Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг байна.
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байгаа аж.






