Далай лам БНХАУ-аас өөр улсад, чөлөөт ертөнцөд төрнө хэмээжээ

Далай ламын тухай ном дээр өөрийнх нь залгамжлагч БНХАУ-аас өөр улсад, чөлөөт ертөнцөд төрнө хэмээжээ. “Voice of the Voiceless” нэртэйгээр хэвлэгдэж буй номонд Далай лам өөрийнх нь залгамжлагч чөлөөт ертөнцөд мэндэлнэ гэж анхны удаа тодотгож өгсөн хэмээн The Guardian мэдээлжээ.
Дээрхийн гэгээнтэн “Хойд дүрийн зорилго бол өмнөх үеийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх явдал учраас Далай лам чөлөөт ертөнцөд төрнө. Ингэснээр Далай ламын уламжлалт үүрэг болох нигүүлсэхүйн дуу хоолой, Төвөд буддизмын оюун санааны удирдагч, Төвөд ард түмний хүсэл тэмүүллийг илэрхийлэх ажил үргэлжилнэ” хэмээсэн байна.
Даваа гарагт буюу өчигдөр болсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Далай ламын шинэ номын талаар асуужээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Далай ламыг “Шашны нөмрөг дор БНХАУ-ын эсрэг, салан тусгаарлах үйл ажиллагаа эрхэлдэг улс төрийн цөллөгт буй хүн. Төвөдийн асуудал дээр БНХАУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй. Далай ламын хэлсэн үг эсвэл хийсэн үйлдэл Төвөд цэцэглэн, хөгжсөн гэх бодит байдлыг өөрчилж чадахгүй” гэсэн байна.






