Нэтаньяху: Барьцаанд амиа алдсан хүмүүсийн цогцсыг эргүүлэн авч байгаадаа израильчуудын зүрх сэтгэл урагдаж, шаналж байна

Палестины ХАМАС бүлэглэл Израилийн барьцааны 33 иргэнийг суллах ёстойгоос одоогоор 24 хүнийг суллаад байна. Харин Израилийн Засгийн газар Палестины 1,900 хоригдлыг суллах ёстойгоос мянга гаруй суллаад байгаа юм. Энэ бямба гарагт ч мөн харилцан барьцааны иргэд болон хоригдлуудыг суллана.
Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа ХАМАС бүлэглэлийн барьцаанд байхдаа амиа алдсан Израилийн барьцааны хүмүүсийн цогцсыг шилжүүлэх гэж байна. Өнөөдөр Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжтайгаар Шири Бибас болон түүний хоёр хүүхэд болох Ариэль Бибас, Кфир Бибас болон Одед Лифшиц нарын цогсыг Израилийн талд хүлээлгэн өгөх юм. Эдгээр хүмүүс 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийх үед барьцаалагдсан 251 хүний дунд байжээ. Шири Бибасын нөхөр, хөвгүүдийн аав Ярден Бибас мөн үеэр барьцаалагдсан. Ярден Бибас гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэн бөгөөд энэ удаагийн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хоёрдугаар сарын 1-ний өдөр барьцаанаас суллагдаж гэртээ харьжээ. Шири Бибас 33 настай байсан бол түүний хөвгүүдийн нэг нь тавтай, нөгөө нь хоёртой байсан гэж мэдээлсэн байна. Мөн цогцсыг нь шилжүүлэхээр бэлдэж байгаа хүмүүсийн нэг Одед Лифшиц нь 84 настай байжээ. ХАМАС бүлэглэлийн зүгээс эдгээр хүмүүс 2023 оны арваннэгдүгээр сард Израилийн армийн Газад явуулсан агаарын цохилтын үеэр амиа алдсан гэж мэдээлсэн.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяхугийн Засгийн газар шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарах хүртэл нас барсан дээрх дөрвөн хүнтэй холбоотой мэдээллийг батлахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Ямартай ч барьцаанд амиа алдсан хүмүүсийн цогцсыг эргүүлэн авч байгаадаа израильчуудын зүрх сэтгэл урагдаж, шаналж байна гэдгийг Нэтаньяху хэлжээ.






