ТЕГ-ын Сөрөх тагнуулын дарга асан Д.Цогтбаатар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ

Д.Цогтбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэвлэлийн бага хурал хийж байсан юм.
Д.Цогтбаатар "Б.Хурц хувийн өш хонзонгоор хилсээр надад ял шийтгүүлсэн. Б.Хурц надаас гадна Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч мөн гүтгэсэн. Ийм үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулдаг. Түүний гүтгэн доромжилдог ажил цэг тавихын тулд би цагдаагийн байгууллагад хандлаа.
Би ТЕГ-т Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байв. Тэр үед тагнуулын байгууллагад хамгийн сорууд нь ажилладаг байсан бол Б.Хурц нэг үг хэлээд л хараал урсгаж, манай байгууллагын нэр хүндийг ихээхэн унагаж, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Б.Хурц "Цахим террор" үзэсгэлэндээ намайг герман иргэний аминд хүрсэн, мөнгийг нь дээрэмдсэн, гар утсыг нь бариад, машиныг нь унаад явсан мэтээр хүнд гэмт хэрэгт шууд гүтгэсэн. Иймд би хариулт өгч байна” гэсэн юм.
Төрийн сангаас түүнд 2021.12.25-ний өдөр 12.3 сая төгрөгийн нөхөн олговрыг үндэслэлгүйгээр хорьсон хэмээн олгожээ. 1170 ттоот шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан ч энэ тогтоол нууцад хамаардаг.






