Засгийн газрыг хамгаалсан Л.Гантөмөр АН-ын гишүүнчлэлээс 4-өөс 8 жилийн хугацаатай хөөгдөх дүрэмтэй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Түүний улс төрийн акцыг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан билээ.
АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа" гэдгийг мэдэгдсэн. Мөн бусад гишүүдийг гарын үсэг зурвал хариуцлага тооцно хэмээсэн байна. Харин намын даргынхаа энэ байдалд уурссан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу түүнд "Ардчилсан нам Ардын намын клуб биш. Ардчиллаа хамгаалдаг, дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй нам байх ёстой. Дарангуйлал бидэнд хэрэггүй " хэмээсэн.
Тэгвэл
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөр УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох үндэслэл, зохицуулалт байхгүй юм байна. Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөл нь Үндэсний бодлогын хорооны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн хамтын удирдлагын төв байгууллага бөгөөд сонгууль зохион байгуулах, журам боловсруулах, төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж өгөх, намын Даргад зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай гэж үзвэл намын даргын Улс төрийн зөвлөлтэй холбогдон гарснаас бусад шийдвэрийг хэлэлцэх л эрхтэй аж. Харин УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох эрх, дүрмийн зохицуулалт АН-ын тус бүтцэд байхгүй ажээ. Эрх баригчдын талд үйлчилсэн гишүүнээ 4-8 жил намын гишүүнчлэлээс хөөнө гэж АН-ын дүрэмд заажээ. АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.18 дэх заалт болон 3.9.1.20-д “Сахилгын шийтгэл оногдуулах” хэсэгт хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн байна.Засгийн газрыг хамгаалсан Л.Гантөмөр АН-ын гишүүнчлэлээс 4-өөс 8 жилийн хугацаатай хөөгдөж, хасагдах зохицуулалттай аж.






