Ч.Лодойсамбуу: Нийгэмд тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр өчигдөр гэр бүлийн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэргийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу. Бид тийм байхыг шаардах эрхгүй юу. Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн шүү дээ" хэмээсэн юм.
Харин өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж 14 цагт төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ч.Лодойсамбуу "Хүний эрх эрх чөлөө алдагдсан байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эрхийг хязгаарлах байдал даамжирсан. Шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж ирсэн.Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна хэмээж буй юм. Тэрбээр дараах үндэслэлийг танилцуулав. Үүнд,
- Хүний эрх, эрх чөлөө алдагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаат байдлын эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж УДШ-ийн гаргасан шийдвэрийг үл тоосон эрхзүйт төрийн эсрэг шийдвэр юм.
- Ардчилсан тогтолцооны язгуур болох улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллааг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээд нь Засгийн газрын байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь даамжирсан.
- Хуулийн хэрэгжилт Засаглалын хямралын талаар, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараалан халдаж олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд худал мэдээлэл тараах зэрэг зүйлсийг дурдаад нийгэмд тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ" хэмээсэн юм.






