Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт дөрвөн УИХ-ын гишүүн гарын үсгээ зуржээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Жагсаалтай холбогдуулан иргэдийн зүгээс огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Жагсагчид УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг авахаар зорьж буй. Учир нь 32 гишүүнээс дээш гишүүн гарын үсэг зурж огцруулах бичгийг УИХ-аар хэлэлцүүлж, 62 гишүүн нь огцруулах асуудлыг дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд суудлаасаа буух юм. Иргэдийн энэ тэмцэлд УИХ-ын гишүүд ч нэгдэж эхлэв. Одоогийн байдлаар огцруулах бичигт УИХ-ын дөрвөн гишүүн албан ёсоор гарын үсгээ зураад байна. Эдгээр нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ж.Золжаргал болон С.Цэнгүүн нар юм.
Гарын үсэг зурах үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Таамаг зөрвөл томъёогоо өөрчлөөд л явна.Бүгдээрээ хамтарч том төслүүд хийе гэтэл орчин нөхцөл өөрчлөгдөж, мөнгө ховордоход цөөн төслөө барьж аваад явахын оронд заавал бүгдийг хийнэ гэж нутаг усаа “бартердах” санааг ил, далд шахах нь аюултай болсон тул энэ засаг одоо больсон дээр" хэмээсэн юм.






