Ерөнхийлөгч Трампыг Цагаан ордонд эргэж ирсний дараах анхны зочин Беньямин Нэтаньяху
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяхуг Цагаан ордонд урьсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Нэтаньяху ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр АНУ-д айлчилж Ерөнхийлөгч Трампыг Цагаан ордонд эргэж ирсний дараах анхны зочин болох юм.
Энэ тухай мэдээлийг Израилийн Ерөнхий сайдын ажлын албанаас танилцуулсан боловч одоогоор Трампын ажлын хэсэг батлан мэдээлээгүй байна. Юутай ч даваа гарагт АНУ-ын Нисэх хүчний баазад зочлох үеэрээ хэлсэн үгэндээ Трамп Израилийн Ерөнхий сайд Нэтаньяху Вашингтонд айлчлах тухай ярьжээ. Трампын зүгээс Газад гал зогсоох хэлэлцээрийг түүхэн тэмдэглүүштэй ач холбогдолтой үйл явдал хэмээн сайшаан магтсан юм. Үүнээс гадна Трамп өнгөрсөн долоо хоногт Газад амьдардаг палестинчуудыг дайн тулааны хөлд эвдэрч нурсан гэртээ буцаж очихын оронд Египет болон Йордан улсууд руу явах санал дэвшүүлсэн. Гэвч Палестины удирдагчид, ХАМАС бүлэглэл болон Йордан, Египет улсууд Трампын саналыг хурцаар шүүмжилж, эрс эсэргүүцсэн байр суурь илэрхийлжээ. Трампын саналыг Нэтаньяхугийн Засгийн газар эсрэгээс сайшаан магтаж, хүчтэй дэмжиж байна.
Газад гал зогсоох хэлэлцээр энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Гурван үе шаттайгаар зургаан долоо хоног буюу 42 хоног хэрэгжих хэлэлцээрийг АНУ, Катар, Египет улсууд хяналт тавьж байна. Хэлэлцээрт тусгаснаар Газын оршин суугчид Нэтзарим замаар явган явж даваа гаргаас эхлэн гэртээ харьж байна.