Навальныйтай салах ёс гүйцэтгэх цуваа нэг километр гаруй урт үргэлжилэв

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг оршуулах ёслол Баасан гарагт Москва хотын зүүн өмнөд дүүргийн Борисовское оршуулгын газарт болж өнгөрлөө.
Оршуулгын ёслолд талийгаачийн аав Анатолий, ээж Людмила нар оролцсон байна. Навальныйн бэлэвсэн гэргий Юлия, 23 настай охин Дарья, 15 настай хүү Захар нар гадаадад байгаа юм. Талийгаачийн шарилтай авсыг булшны нүхэнд байрлуулах үеэр Фрэнк Синатрагийн “My Way” дууны ая болон Холливүүдийн “Terminator 2” киноны аяыг найрал хөгжимчид тоглосон байна. “Тэр энэ киног дэлхийн хамгийн шилдэг кино гэж боддог байсан юм” талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш сошиал хуудсандаа бичжээ. Кремлийн эрх баригчид оршуулгын ёслолын үеэр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг иргэдэд анхааруулж, дэг журам сахиулахаар цагдаагийн их хүчийг дайчилсан байна.
Гэсэн ч олон мянган хүн Навальныйтай салах ёс гүйцэтгэхээр цугларчээ.Тэдний цуваа нэг километр гаруй урт үргэлжилснийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ёслолын ажиллагаанд ОХУ-д суугаа АНУ, Герман, Франц зэрэг улсуудын элчин сайд нар оролцсон байна.
Баасан гарагийн оройн байдлаар Орос даяар Навальныйтай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон 91 хүнийг цагдаа нар баривчилсныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.






