Өнөөдөр БНХАУ-д Цагаан сарын урт амралт эхэллээ
БНХАУ-д уламжлалт билгийн тооллын шинэ жилийн баяр буюу Хаврын баярын урт амралт эхэлж байна. Хятадад Цагаан сарын Шинийн нэгэн өнөөдөр буюу 1-р сарын 29-нд тохиож байгаа. Үүний зэрэгцээ хятадын эрх баригчид энэ жил ер бусын өргөн тэмдэглэж байгаа Хаврын баярын албан ёсны амралтын өдрүүд төдийгүй ирэх 2 сарын 22-ныг дуусталх 40 шахам хоногийн хугацаанд аялах зорчин явах хөдөлгөөн 9 тэрбумаар тоологдох түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ гэж тооцоолж байна.
Баярын урт амралтаас урьтаж нутаг орон, төрөл садандаа очих гэж зорьсон их аян нүүдэл баярын энэ 1 сарын дундаас эхэлсэн. Хятадын бараг бүх хотын нисэх онгоц, галт тэрэгний буудал, авто тээврийн төвүүд бүхэлдээ овор ихтэй ачаа тээш зөөсөн хүмүүсийн хөлд дарагдсан байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын иргэд зөвхөн орон нутагтаа төдийгүй, Япон, Сингапур, Тайланд, Өмнөд Солонгос, Малайз зэрэг өөр бусад улс руу ч аялж зорчиж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид ковид цар тахлын улмаас нэлээд суларсан аялал жуулчлалыг эрчимжүүлэх үүднээс визгүй зорчих бодлогоо өргөжүүлсэн байна.
Хятадад 240 цаг хүртэл визгүй болгож сунгаснаас гадна гадаадаас зорчигчид хүлээж авдаг боомтын тоогоо 60 болгож нэмэгдүүлсэн. Энэ хэмжээгээрээ Хятадыг зорих олон улсын аялагчдын хөл хөдөлгөөн ч мөн энэ үеэр чамгүй нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Зөвхөн Шанхай хотын бүртгэл мэдээллийн төвийн мэдээгээр, өнгөрсөн ням гарагийн байдлаар, Шанхайн боомтуудаар дамжиж Хятад руу 130 мянгаад гадаад иргэд нэвтэрсэн, тэдний 75000 гаруй нь визгүй зорчигчид байжээ. Үүний зэрэгцээ Хятадын орон нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангарснаас тээврийн хөдөлгөөн саатаж, хэд хэдэн хурдны замыг хаах нөхцөл үүсчээ. Албаныхны мэдээлж байгаагаар, Шаньдун, Ляонин, Өвөр Монголын нутгаар 20-26 мм зузаан цас орсон.
Цаг уурын төв байгууллагаас нь цасан шуурганы шар түвшний сэрэмжлүүлэг буюу нийт 4 шатлалт аюулын хоёрдугаар зэрэглэлийг зарлаад байна. Ляонин мужид гэхэд үлэмж хэмжээний цас орсноос бараг бүх хурдны замын гарцыг хаасан, замууд болон бусад газрын цасыг зайлуулж цэвэрлэхэд хүн хүч, техник дайчилжээ.