ЭЕШ өгөх хүүхдүүд тухайн өдөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино
2023 оны ЭЕШ зургаадугаар сарын 15-18-нд улс даяар нэгэн зэрэг явагдах юм. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.
Үүнд ЭЕШ авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийх болжээ. Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллах болж буй юм. Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийхээр болсон байна. Өмнө нь төдийлөн анхаардаггүй байсан энэ асуудалд санаачлагтай хандаж буй нь манай улсын хувьд эхлэл болж байна. Энэ бол ирээдүй хойчдоо анхаарал тавьж буйн нэг баталгаа юм.