Жаргалтхаан-Өмнөдэлгэрийн замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа.
Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Зүүн бүс нутгийн хувьд түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйн дэд бүс нутаг хэмээн Засгийн газар зарласан бөгөөд Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн интеграцид орох бүрэн боломжтой бүс нутаг.