Ж.Одгарьд: Гандантэгчэнлин хийдэд 16 хүртэлх насны 162 хүүхэд сурч байна
МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр хийдийн төлөөллүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хохирогч хүү хэвлэл мэдээллийн байгууллагад болсон үйл явдлын талаар ярьсан. Хохирогч хүүгийн талаар та нар ярихгүй байна. Тэрбээр ярилцлагадаа дотуур байранд бэлгийн хүчирхийлэл удаа дараа болсон, хөөсөн гэж ярьсан. Ямар хариу хэмжээ авч байгаа вэ? Сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгддэг талаар ярьсан байсан. Ийм давхар хүчирхийлэл байдаг уу?
-Хуулийн зөвлөх н.Батбаяр: Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хүүхэд үнэн, худал ярьж байгааг цагдаагийн байгууллага шалгаж бидэнд бодит мэдээллийг өгөх байх. Бэлгийн хүчирхийлэл болсон эсэхийг шүүхийн байгууллага тогтооно.
-"Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: Тухай үйл явдал болсон байж болзошгүй оройгоос эхлэн хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Дүүргийн удирдлага, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хууль хяналтын байгууллага бидэнтэй хамтарч ажиллаж, шалгалт явуулан тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.
Гандантэгчэнлин хийдэд хүүхдүүд суудаг хэд хэдэн дотуур байр бий. Мэдээлэл өгсөн хүүхдүүдийн байгаа дотуур байрны тухайд халуунд халдаггүй, хүйтэнд хөрдөггүй технологитой, гал тогооны өрөөтэй, 2019 онд ашиглалтад орсон байшин. Дотор нь 90 гаруй хүн суух боломжтой. Тухайн байр нь 24 цагийн харуул хамгаалалттай. Хүүхдүүдийн унтах, бие засах өрөөнөөс бусад өрөөнд өндөр чанарын камертай. Нэг өрөөнд хүүхдүүд насны ангиллаар хоёр, хоёроороо байдаг.
Хүүхдүүд өглөө 07:00 цагаас сургалтдаа явж, ерөнхий боловсролын болон шашны боловсролыг авдаг. Таван багштай. Ойролцоо насны хүүхдийг нэг өрөөнд байлгадаг.
- Дотуур байрны подвольд хүүхдүүдийг байлгадаг, угаалгын өрөөнд өдөр бүр хүчирхийлдэг байсан гэх мэдээллийг ярьсан, Хөвгүүд бие биеэ долоох зэрэг процесс харагддагийг багшдаа хэлэхэд гомдлоо бичгээр гарга гэж явуулсан асуудлын тухайд
- "Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: Хууль, хяналтын байгууллага хэн нэгэн буруутайг тогтоогоогүй байхад бид тэгсэн, ингэсэн гэж хэлэх боломжгүй. Тухайн дотуур байранд сууж байгаа хүүхдүүдийг багш нар нь эртнээсээ хариуцаж ирсэн. Хэрвээ тийм зүйл болсон бол харамсалтай байна. Бидний хүүхэд юу үзэж, юу сурч байгааг илүү их анхаарах ёстой болсон байна гэдгийг ярих ёстой. Хүний эрх, хүүхдийн эрхийн талаарх сургалтуудыг төрийн байгууллагуудтай хамтарч хийж байна.
-Ярилцлага өгсөн хүүхэдтэй яагаад уулзалгүй хөөж явуулсан юм бэ?
-Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны дарга Ч.Бямбажаргал: Тухайн хүүхдийн ээж бага насны охинтойгоо дотуур байранд ирээд хүүхэдтэйгээ хамт хонох хүсэлт тавихад дотуур байранд хүүхэдтэйгээ амьдрах боломжгүй гэснийг хөөсөн мэт мэдээлэл гаргасан байсан. Дацангаас ч хөөгөөгүйг хэлье.
-Шашны сургуульд сурах хүүхдийг ямар шалгуураар авдаг вэ, хэчнээн хүүхэд дотуур байранд амьдардаг вэ, дотуур байранд дотоод хяналт шалгалт явуулдаг уу?
-"Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: Гандантэгчэнлин хийдэд 16 хүртэлх насны 162 хүүхэд сурч байна. Эдгээр бүх хүүхэд дотуур байранд амьдардаггүй. 30 гаруй хүүхэд дотуур байранд амьдарч байна. Гэр нь хол, амьдралын хүнд нөхцөлтэй хүүхдийг дотуур байранд оруулах журамтай. Эцэг, эх асран хамгаалагчийн дэлгэрэнгүй анкет, хүүхдийн танилцуулга зэргийг шаарддаг. Цаашид дотуур байранд оруулах журмаа нарийвчлан шинэчилнэ. Дотуур байранд байгаа хүүхдүүд долоо хоногийн таван өдөр л уг байранд байдаг, амралтын хоёр өдөр гэр рүүгээ явдаг.
Хэрэв энэ асуудлаар хэн нэгэн буруутай нь тогтоогдвол байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцно. Хуулийн хариуцлага ч хүлээнэ.
-Өнгөрсөн жил Төвөд рүү явсан таван ламхай хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллүүд байсан. Ийм тохиолдол гарсаар байна. Өсвөр насны хүүхдүүдэд энэ асуудлаас урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулдаг уу?
-Гандантэгчэнлин хийдийн цорж лам Б.Чойжилсүрэн: Урд сурч байгаа хүүхдүүдийн дунд ийм зүйл гардаггүй. Ном сургаал нь хүнийг хүсэл тачаал, мунхаг, уур тэргүүтнээс холдуулахын төлөө байдаг учраас номоо үзээд болох, болохгүйг ойлгоод явдаг. Хэрвээ Энэтхэг болон Монголд байгаа хийдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн явдал тогтоогдвол хийдээс хөөгдөх, хууль журмын дагуу шийдэгддэг.
"Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: Үүсээд буй асуудлын хүрээнд хүүхдийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан ажиллуулж байна. Лам нарын сэтгэлзүйн асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг харж байгаа. Ийм төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстойг голчлон анхаарч байна.
Өмнө нь 2013-2019 онд ХЗДХЯ-тай хамтарч сэтгэлзүйч ажиллуулж байсан. Нэрийг нь зарласан учраас ярилцлага өгсөн хүүхдүүдийн сэтгэлзүй тэр оройдоо хүнд байсан, сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд тайвширсан.