Ж.Бямбадулам: Автобус худалдан авах нь үндэсний аюулгүй байдалтай хамааралтай гэж тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн
Солонгосын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгөв. Энэ үеэр Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг нууцад хамруулсан гэх асуудлын хүрээнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам ярихдаа "Өнгөрсөн онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх А/1,600 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Мэдээллийн зөрүүгээс үүдэн энэ захирамж болон бусад холбогдох үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамааруулсан асуудал байхгүй. Тус хуулийн 3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт “Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбарыг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах үйл ажиллагаа хийгдсэн. Харин нууцад хамааруулсан зүйл байхгүй" хэмээн НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам тайлбарлав.