З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг шүүх хурал өнөөдөр болно
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авч, хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор хоёрдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
Цагдаагийн байгууллагаас өмнө нь гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй гэж мэдээлж байв. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.