Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоров
Хүн амын дунд рейтинг өсгөх, ээлжит бус сонгууль болж магадгүй үед ард түмнээс дэмжлэг авах зорилгоор Японы Ерөнхий сайд Фумио Кишида хийж буй өөрчлөлтийн өмнө Японы сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Kyodo агентлагийн мэдээлснээр, сайд нарын танхимын шуурхай хуралдаан дээр бүх сайд огцрох өргөдлөө өгснийг Ерөнхий сайд хүлээн авсан байна. Ингээд өнөөдөртөө багтааж сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг зарлах аж. Энэ удаад сайд нарын танхимын 19 гишүүний 11 нь солигдох гэнэ. Мөн шинэ бүрэлдэхүүнд таван эмэгтэй багтах нь Японы түүхэнд эмэгтэйчүүд засгийн газрын бүрэлдэхүүнд ийм олноороо орж буй анхны тохиолдол болох юм. Өөрчлөлтийн хүрээнд, Гадаад хэргийн яамыг 2021 оноос хойш сайдын албыг хашиж буй Ёсимаса Хаясигийн оронд 70 настай Ёко Камикава тэргүүлэх магадлалтай байна. Тэрбээр өмнө нь гурван удаа хуульзүйн сайдын алба хашиж байжээ. Батлан хамгаалахын шинэ сайдаар Минору Кихара болох юм. Тэрбээр Ёсихидэ Суга 2020-2021 онд Ерөнхий сайд байхад түүний зөвлөхөөр ажиллаж байжээ.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоси Нисимура, Сангийн сайд Сюнъити Судзуки, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаити, Цахимжуулалтын асуудал эрхэлсэн сайд Таро Коно нар албан тушаалаа хадгалж үлдэх юм байна