Ш.Батбаатар дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ Киргизстан улсын Бишкек хотноо болж өндөрлөв. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. Тэрээр эхний тойрогт Украйны тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркын шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар Дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртээд байна. Ш.Батбаатар нь Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн юм.
Манай Улсаас Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин Бишкекийг зорьсон бөгөөд 65 кг-ын жинд Дифлимпийн аварга ОУХМ Н.Эрхэмбаяр Киргизтаны тамирчинтай барилдаж 17-20 оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин 70 кг-ын жинд Д.Даваа-Очир шүүгчдийн алдаанаас болж оноолтонд нэр нь ороогүй учир дэвжээнд гараагүй. Залуучуудын шинэхэн Дэлхийн аварга Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд 74кг өрсөлдсөн юм.