Японд Монгол адууны махыг нийлүүлж эхэлжээ
Токио хотноо уламжлалт “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, Дэй чаннел”, “Дүүрэн фүүд”, “Монэнзим Мед”, “Рефлекс” компаниудын төлөөлөл оролцож байгаа аж.
Эдгээрээс “Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай гарын үсэг зурж байгууллаа. Ингэснээр Монголын эрүүл байгальд өсгөж бойжуулсан адууны мах нь цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж, Японы зах зээлд борлуулаглаж эхэлж байна.
“Foodex Japan-2024” үзэсгэлэнд дэлхийн 70 орчим улс орны 2000, Японы 1000 орчим компани оролцож хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг танилцуулж байна.
Ази тивдээ хамгийн томд тооцогддог “Foodex Japan-2024” нь гуравдугаар сарын 5-8-ныг хүртэл үргэлжилнэ.