Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээвэр эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулав

10-р сарын 10, 2023 - 08:03
1 жил өмнө
 0  78
Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээвэр  эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулав

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэн нь тодорхой харагдаж байгааг АНУ-ын судалгааны байгууллага саяхан мэдээлжээ. Өнгөрсөн сард хоёр улсын удирдагчид ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт уулзсан. Энэ үеэр Украины дайнд шаардлагатай байгаа сум, зэвсэг хэрэгслийг Оросын талд Умард Солонгос нийлүүлэх талаар Путин, Ким Жон Ун нар ярилцсан байж магадгүй гэж ажиглагчид сэжиглэж байгаа.


Үүний хариуд Пёняны дэглэм цөмийн хөтөлбөрт нь хэрэгтэй байгаа орчин үеийн зэвсгийн технологийг авахаар тохиролцсон байж магадгүй гэж үзэж байна. “Ким, Путин нар саяхан дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсаныг тооцвол Умард Солонгос, Оросын төмөр замын ачаа тээвэр эрс нэмэгдсэн нь зэр зэвсэг нийлүүлж эхэлсний илрэл байж болзошгүй юм” гэж Вашингтонд төвтэй Стратеги, Олон Улс Судлалын Төв вэб сайтдаа мэдээлжээ.

“Гэсэн хэдий ч чингэлгүүдийг брезентээр хучиж нууцалсан тул Туманганы төмөр замын өртөөгөөр ямар ачаа бараа нэвтэрч байгааг мэдэх боломжгүй болгож байна”хэмээжээ.


Мэргэжилтнүүдийн судалснаар сүүлийн таван жилийн хугацаанд энэ өртөөгөөр дээд тал нь 20 вагонтой галт тэрэгний цуваа нэвтэрдэг байжээ. Гэтэл аравдугаар сарын 5-ны өдөр хиймэл дагуулаас авсан зурагт 73 вагон бүхий цуваа ажиглагдсан байна.

Хэрвээ Оросын эрх баригчид Умард Солонгосоос сум хэрэгсэл авч, хариуд нь зэвсгийн технологи нийлүүлбэл энэ нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болохыг АНУ, Өмнөд Солонгосын талууд өмнө нь анхааруулж байсан юм. Уг тогтоолоор Умард Солонгост бүх төрлийн зэр зэвсэг нийлүүлэхийг хориглодог.

Share:
78

like

dislike

love

funny

angry

sad

wow