Улаанбаатар хот есөн дүүрэгтэй байх уу гэх асуудал яригдана
"Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус форумтой холбоотойгоор "Монголын эдийн засгийн форум" ТББ-ын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Форумын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэхдээ “Улаанбаатар хот нэг бүс болж байгаагийн хувьд хэрхэн хөгжлийн загвараа сонгож байгаа вэ. Бидний нөөц бололцоо, сул болон давуу тал юу байна вэ гэдгийг энэхүү форумоороо ярих онцлогтой.
Үндсэн дөрвөн асуудлаар ярихаар төлөвлөсөн. Үүнд
- Улаанбаатар хотын Засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг ярина. Есөн дүүргээрээ явсаар байх уу гэх асуудал бас яригдаж байгаа. Зарим дүүрэг 5,000 хүрэхгүй хүнтэй байхад зарим нь 435 мянган хүнтэй болчхоод төрийн үйлчилгээ авахад хүнд суртал, дараалал үүсэж байна. Энэ загвараар явах нь хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа асуудалд дүгнэлт хийнэ.
- Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотын асуудал яригдаж байгаа. Улаанбаатар хот хаашаа хөгжих вэ гэдгийг дагуул хотын концевцоор яръя гэсэн. Дагуул хотыг шинэ ажлын байр бүтээх, шинэ татвар төлөгчдийг бий болгохоор харж байна. Тэр утгаараа "Шинэ зуун мод" хотын буюу дагуул хотын асуудлыг түлхүү ярилцах бодолтой байгаа.
- Дэд бүтцийн хомсдол, дутагдал, хоцрогдлын асуудлыг мөн ярилцана. Барилгын компани томоохон хотхон баръя гэхээр эрчим хүч, дулааны эх үүсвэр хос болчхоод байна. Энэ бүгдийг том зургаар ярьж, том шийдэл гаргая гэж бодсон бөгөөд төр, хувийн хэвшлийн концевцоор хэрхэн шийдэхээ ярина.
- Хүнсний аюулгүй байдал, хангамж, ложистикийн асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг харж чадахгүй тул уг асуудлаар ярилцана.
Энэхүү форумоор тодорхой шийдлүүдтэй оролцоно. Хууль эрх зүйн тодорхой төслүүдийг боловсруулж байгаа” гэв.