Угсраа мэдэгдлүүд нүүрсний хулгайчдыг цээжээр хамгаалж буй хэрэг биш үү

1-р сарын 12, 2023 - 11:41
2 жил өмнө
 0  14
Угсраа мэдэгдлүүд нүүрсний хулгайчдыг цээжээр хамгаалж буй хэрэг биш үү

-НЭР НЬ ДУРДАГДАЖ БУЙ ХУВЬ ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН ӨМНӨӨС МЭДЭГДЭЛ ГАРГАХАА БОЛЬЖ ҮЗ-

Нүүрсний гол эздүүд  өнөөдрийг болтол ил болоогүй байна. Жагсагчид бухимдалтай байна. Харин Засгийн газар, УИХ жинхэнэ хулгайчдыг цээжээрээ хамгаалаад сууж буй аястай жавартай өдрүүдийг үдэж байна. Нууц гэрээ ил болж, дов жалгандаа нүүрс олборлож, бусдын үгээр ажлаа явуулдаг жижиг албан тушаалтнууд хоригдож байна. Тэдний ард байгаа жинхэнэ эзэд алга. Жинхэнэ эздийн  нэр олон нийтийн дунд хэлэлцүүлэг мэт явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр нэрсийн араас хөвөрдөн олж авсан мэдээллээ дөнгөж цухуйлахад л  угсраа мэдэгдлүүд төрийн байгууллагуудаас гаргав.

Ерөнхийлөгчийн Тамгын газар ч мэдэгдэл гаргахаас хоцорсонгүй. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд  халдаж буй нэг хэлбэр. Нүүрсний хэрэгтэй холбоотой жим бүрийг мухарлахаар эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын ойр тойрныхон найз нөхөд нь  байх. Үүнийг нь мэдээлсний төлөө  сэтгүүлчдийн амыг хамхих гэж оролдох болжээ. Зарим нь бүр “Тэр мэдээллээ ав. Эрх бүхий албан тушаалтны нэр төр хуулиар хамгаалагдсан” хэмээн сүрдүүлж байх юм.

Хуулийн байгууллагын мөрдөгч, байцаагч нар сэтгүүлч нар луу утас цохих нь ч элбэг болж. Уул нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийг нягталж шалгадаг эрүүл тогтолцоотой байсан юмсан. Өнөөдөр төр засгийнхан хуулийнхнаар дарамтлах гэж оролддог болсон байна. Үнэхээр нэр цэвэр бол төрийн албанд томилсон найз нөхөд, хамаарал бүхий этгээдүүдээ шалгуул. Тэгж байж нэр чинь цэвэр үлдэх болохоос хэвлэлийнхний “амыг хамхиад” хол явахгүй. Булавч бултай нь гэгчээр  хууль бус зүйл хийсэн л бол үргэлж үнэн гарч ирсээр байх болно гэдгийг бүү март.

Олон нийтийг загасны ой санамжтой гэж басамжилж болох ч үнэнийг хэзээ ч нуух аргагүй гэдгийг санах хэрэгтэй. Эрх мэдэл, мөнгө бол цаг зуурынх. Харин  зөв явах, бусдын амьдралыг сайн сайхан болгохын төлөө тэмцэх, хичээх нэг хэрэг. Нүүрсний хэрэгт нэр нь холбогдсон бүх хүнийг, бүх нэрсийг  шалгаж нягтал. Эрх мэдэл албан тушаалтанд хууль үйлчилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм. Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрх эдлэх ёстой. Үүнийг давсан эрх мэдэл, албан тушаал гэж байдаггүй юм.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow