Т.Свифт "Beatles" хамтлагийн амжилтыг эвдсэн дуучин болов
Америкийн дуучин Тейлор Свифт "The Tortured Poets Department" нэртэй шинэ цомгоороо Британийн хөгжмийн чартыг тэргүүлснээр "Beatles" хамтлагийн амжилтыг эвджээ.
Т.Свифт шилдэг цомгийн жагсаалтыг 12 дахь удаагаа тэргүүлснээр ийм амжилтад хамгийн богино хугацаанд хүрсэн уран бүтээлчээр тодорсон байна. "Official Charts" компанийн мэдээлснээр, Т.Свифт уг амжилтад 11 жил зургаан сарын дотор хүрснээр "Beatles" хамтлагийн 14 жил нэг сарын амжилтыг шинэчилжээ. Т.Свифтийн шинэ цомгийн эхний дуу болох "Fortnight" мөн Их Британийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлж байна. Түүнчлэн "Poets" цомог нь Австрали, АНУ-ын чартуудыг тэргүүлсээр байгаа юм. Уг цомог дөрөвдүгээр сарын 19-нд худалдаанд гарсан даруйдаа нэг өдрийн дотор хамгийн их тоглогдсон цомог болсон талаар "Spotify", "Amazon Music" платформууд мэдээлж байв.
Т.Свифт ирэх сард Парист үргэлжлэх "Eras" тоглолтоороо мөн хөгжмийн салбарын шинэ дээд амжилтуудыг тогтоож, тоглолт хийж буй улсынхаа эдийн засгийг өсгөж байна.