Ц.Уянга: "Ногоон автобус"-ны сонсголыг нээлттэй зохион байгуулахыг шаардаж байна

Ардчилсан Нам(АН)-ын "ногоон автобус"-ны худалдан авалтыг шалгах ажлын хэсгийнхэн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Нэг асуудал нөгөө асуудлын дуулианаар дарагддаг үзэгдэл бий болж байна. Ногоон автобусны хууль бус худалдан авалттай холбоотой 318 тэрбум төгрөгийн маргаан үүссэн. Төрийн эрхэнд гарсан нөхөд ард иргэдийнхээ татаварын яаж хулгайлдгийн хамгийн тод жишээ. Ногоон автобусны хулгай мартагдах ёсгүй. Иймд яг одоо үргэлжилж буй нүүрсний сонсголтой адил "Ногоон автобусны худалдан авалттай холбоотой Хянан шалгах хороо"-г нэн яаралтай баталж, УИХ-аар сонсгол явуулах товыг зарлахыг шаардаж байгаагаа тэд илэрхийлэв. Ногоон автобусны шууд худалдан авалттай холбоотой ажлыг шалгах ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "600 хуучин автобус оруулж ирсэн худалдан авалтын асуудлыг хянаж, ард иргэдэд бодит мэдээлэл өгөх зорилгоор аравдугаар сарын 29-нд манай ажлын хэсэг байгуулагдсан. Иргэдийн мэдэх эрхийг хангах шаардлагатай албан баримтууд болон ногоон автобусны худалдан авалттай холбогдсон материалуудыг Хотын даргаас нэхэмжилсэн. Нууцаар хийгдсэн худалдан авалтын гэрээний хуулбарыг өгсөн.Гаалийн бүрдүүлэлт, Сангийн Яамнаас хуваарилсан мөнгөн шилжүүлгүүдийн даалгавар байгаа боловч “Тэнүүн-Огоо” компани руу албан ёсоор шилжүүлэгдсэн эсэх нь мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл төлбөрийн шилжүүлгийн баримтууд ирээгүй"
гэлээ.
- Ногоон автобус худалдан авсан 318 тэрбум төгрөгөөс 135 тэрбумыг бодитойгоор зарлагадсан буюу “Тэнүүн-Огоо” компани руу таван удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн нь нотлогдсон.
- 135 тэрбум төгрөг дотор 600 ногоон автобусны төлбөр хийгдээгүй. Ногоон автобустай холбоотой төлбөрийн болон худалдан авалтын баримт бичгийг одоог болтол өгөхгүй байгаа.






