Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх улиралд ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно.