The MongolZ гурван удаа нэмэлт цаг сунгасан ч эцсийн мөчид гэртээ харихаар болов
CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
Elimination Stage шатанд анх удаа шалгарсан The MongolZ гурав дахь тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай хийж 2-1 (Mirage 13-9, Nuke 10-13, Inferno 19-22) харьцаагаар хожигдлоо.
Шийдвэрлэх сүүлийн map-д 12-10 харьцаагаар хожигдож явсан The MongolZ итгэмээргүй байдлаар хоёр round дараалан авч нэмэлт цаг тоглохоор болсон юм. Гурав дараалсан нэмэлт цаг тоглосны эцэст Бразилчууд хожиж Монголчууд гэртээ харихаар болов.
The MongolZ тус шатны эхний тоглолтод дэлхийн аварга "Natus Vincere"-т Mirage 13-10, хоёр дахь тоглолтдоо мөн дэлхийн аварга "Team Vitality" багт Nuke 13-9 харьцаагаар хожигдоод байсан юм. Харин paiN Gaming Хойд Америкийн "Complexity", Оросын "Virtus.pro" багуудад хожигдоод байв.
Ази тивээс CS2-ын major тэмцээнд хоёр баг оролцох эрхтэй байдаг бол The Mongolz дээд шатанд шалгарснаар энэ оны төгсгөлд болох "Shanghai Major" тэмцээнд анх удаа Азийн гурван баг оролцохоор болсон юм.
Монгол залуус Opening Stage шатанд
- Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6 харьцаагаар хожигдсон
- Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар хожигдсон
- Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожсон
- Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожсон
- Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожсон.
Elimination Stage шатанд дэлхийн чансааг тэргүүлэг найм болон Opening Stage-ээс шалгарсан найм нийт 16 баг тоглож байна.