Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний цагаатгуулах хүсэлтийн шүүх хурал үргэлжилж байна
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Улмаар 18:00 цагт завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон юм. Шүүх хурал 09:00 цагт товлогджээ.
Тэд "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдож, Анхан шатны шүүхээс Т.Аюурсайхан 3 жил хорих ял, Б.Ганхуягт 5.9 жил хорих ял оноож, мөн торгуулийн ялаар шийтгэсэн байдаг.
Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.