Сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байна
Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.
Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж эхэлсэн. Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байна.
Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230,1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй юм.