Сураггүй болсон 13 настай охиныг цахимаар танилцан хуурч авч явсан хэргийг илрүүллээ
“Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд С /13 нас эм/ төмөр замын вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 13 настай охиныг цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэллээ. Урьдчилсан байдлаар С /13 эм/ нь цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.