С.Шижирбат: WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч өнгөрсөн сард Монголд ирж, анхааруулга өгсөн
Бөх тайлбарлагч С.Шижирбат фэйсбүүк хуудастаа ноцтой мэдэгдэл гаргажээ. Үүнийг тоолгүй өнгөрч боломгүй санагдана. Иймд бүрэн эхээр нь нийтлэж байна.
Түүний мэдэгдлийг хүргэе.
"WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч өнгөрсөн сард Монголд ирж, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгчээ. Дээрх хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг ДДЭА-ийн Удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь энэ сарын 22-ноор дуусах нь. Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпийн үеэр олимпийн тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ.
Хэний үед ийм юм болов гэвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Спорт, олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь. Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байна аа.
ДДЭА-ийн төлөөлөгчдийг ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж, үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон. Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа. Монголын үндэсний олимпийн хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1 т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч. Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий. Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой. Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачваа. 2024 оны 1 сарын 1-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай. Хасчвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана гэжээ.