Путин Ту-160М стратегийн бөмбөгдөгч онгоцоор нисэж дараа нь "КамАЗ" машины жолооны ард суун Казань руу зорчжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ту-160М стратегийн бөмбөгдөгч онгоцоор нисэж дараа нь "КамАЗ" машины жолооны ард суун Казань руу зорчжээ.
Машины бүхээгт түүнтэй Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин ханьсав. Путин М-12 чиглэлийн зам дээрх үйлчилгээний "Восток" төв хүртэл ачааны автомашиныг жолоодсон юм. Оросын хамгийн өргөн цар хүрээтэй төсөл болох М-12 зам нь Москва, Казань, Екатеринбург, Тюмень хотуудыг холбохоос гадна Санкт-Петербургээс Владивосток хүртэлх 12 мянган км урттай "Россия" хурдны замын гол хэсэг нь болох юм. Замын дагуу нийтдээ 32 үйлчилгээний төв байгуулах ажээ.
Путин мөн сайжруулан бүтээгдсэн стратегийн пуужин зөөгч Ту-160М онгоцоор нисэж үзлээ. Нислэгийн дараа Оросын тэргүүн уг онгоцыг өндрөөр үнэлэн зэвсэгт хүчний хэрэгцээнд оруулахыг зөвшөөрчээ.