“Петрочайна дачин тамсаг” ХХК-нд ТЕГ-аас 436, ҮАГ-аас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьжээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон. Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал дараах мэдээллийг хийв.
Тэрээр "2012 онд батлагдсан төлөвлөгөөнд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлохоор тусгагдан батлагдсан. Үүн дээр үндэслээд шинээр байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г хийгээд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлож, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүнээс хойш 2015 онд хамгийн их буюу жилдээ 1.1 сая тонныг олборлосон. Түүнээс хойш олборлолт байнга буурсан. Манай Засгийн газар, төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт, өөрчлөлтийг хийе гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Татварын ерөнхий газраас өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавьчихсан байгаа.
НДЕГ-аас тавьсан 4.7 тэрбумын актыг хүчээр биелүүлсэн.
Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан байгаа. Эдгээр нь олборлолт багасахад нөлөөлсөн. Өөр нэг шалтгаан нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудал. АМНАТ-тай холбоотой асуудлыг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс гадна орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож байна. Түүнчлэн технологийн гол ажлууд хийгдээгүйгээс энэ жил 583 мянган тонн тос олборлосон. Энэ байдлаар цаашид үргэлжилбэл 2027 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход жилдээ 300 мянган тонн тос олборлох дүр зураг харагдаж байгаа юм. Тийм учраас бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг шийдэж, одоо хөрөнгө оруулагч компанитай эцсийн байдлаар тохирох шаардлагатай байгаа" гэв.